09/06/2026
АНУ ДАХЬ МОНГОЛЧУУД ЦУВРАЛ #8
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа амжилт бүтээл, эх орноо сурталчлан таниулах, монгол хэл, соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг цувралаар онцлон хүргэж байна.
Энэ удаагийн дугаарт Калифорни мужийн Лос Анжелес хотноо монгол хэл, утга зохиол, соёл, спортыг түгээн дэлгэрүүлэх, монголчуудынхаа эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олон жилийн турш идэвх санаачилгатай ажиллаж ирсэн Бэгзсүрэнгийн Ган-Энхбаярыг онцлон танилцуулж байна.
Б.Ган-Энхбаяр гэр бүлийн хамт 2009 онд Лос Анжелес орчмын Монголчуудын холбоотой хамтран, хувийн 158 номоор сан хөмрөгийнхөө эхлэлийг тавьж “Монгол номын сан”-г байгуулжээ. Өдгөө тус номын сан 1,500 гаруй номын сан хөмрөгтэй болж, Лос Анжелес орчмын монголчууд, хүүхэд залууст эх хэлээрээ ном унших, Монголын утга зохиол, соёлтойгоо ойр байх боломжийг бүрдүүлж байна.
Номын сан байгуулагдсан цагаасаа “Утгын чимэг” богино өгүүллэгийн уран уншлагын уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, 2026 оны тавдугаар сард Сиатл хотноо 16 дахь удаагийн уралдаанаа амжилттай зохион байгуулжээ. Мөн 2018 оноос хүүхэд багачуудын дунд “Гэгээн хүсэл” хүүхдийн шүлгийн уран уншлагын уралдааныг зохион байгуулж, монгол хүүхдүүдийн эх хэл, уран зохиолын боловсролыг дэмжин ажиллаж байна.
Түүний олон нийтийн үйл ажиллагаа утга зохиолоор хязгаарлагдахгүй. 2014 онд амьд хөгжмийн “Даян” хамтлагийг үүсгэн байгуулж, АНУ-ын олон хотод зохион байгуулагдсан соёлын арга хэмжээ, тоглолтуудад оролцсоор ирсэн бөгөөд 2024 онд хамтлагийнхаа 10 жилийн ойг тэмдэглэжээ.
Б.Ган-Энхбаяр нь сагсан бөмбөгийн дэд мастер, волейболын спортын мастер бөгөөд Америк дахь Монголчуудын Ахмадын сагсан бөмбөгийн холбоо болон Америкийн Монголчуудын Утга зохиолын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэрээр 2024 онд Лос Анжелес хотноо Америкийн монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад идэвхтэй оролцож, тус тэмцээнд 25 багийн 260 гаруй тамирчин оролцсон байна.
Ийнхүү Б.Ган-Энхбаяр нь монгол ном, эх хэл, утга зохиол, урлаг, спортоор дамжуулан Монгол Улсаа сурталчлан таниулах, хойч үедээ үндэсний хэл, соёлоо өвлүүлэх, АНУ дахь монголчуудынхаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олон жилийн турш идэвхтэй хувь нэмрээ оруулж буй монголчуудын нэгэн төлөөлөл юм.
🇲🇳 Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж, Монгол Улсаа сурталчлан таниулах, монгол хэл, соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвх санаачилгатай ажиллаж буй нийт монголчууддаа талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг