31/10/2024
Элчин сайд С.Ганхуяг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс түрэг судлаач, Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуулийн захирал, профессор А.Жейлан-ийг түрэг судлал болон Монгол, Киргизийн боловсролын салбарын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын төрийн шагнал “Найрамдал одон”-гоор шагнасныг ёслол төгөлдөр гардуулан өгөв.
Мөн Элчин сайд С.Ганхуяг Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуулийн захирал, профессор А.Жейлан-ийг Монгол, Киргиз, Турк улсын боловсрол, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Манас” их сургуульд суралцаж буй Монгол Улсын оюутнуудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуулийн захирал, профессор А.Жейлан “Найрамдал одон”-гоор шагнасан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлэн цаашид Монгол, Киргиз, Турк улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ,“Манас” их сургуульд сурч буй Монгол Улсын оюутнуудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллахаа онцлон тэмдэглэв.
Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуулийн захирал, профессор А.Жейлан нь эртний дэлхийн түүх, түрэг ард түмний соёл, түүхэн газарзүй, стратегийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Сүүлийн 25 жилийн хугацаанд зүүн Анатоли, Кавказ, Төв Азийн эртний түүхийн талаарх археологийн хайгуул, малтлага, төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн эрдэмтэн хүн билээ. Мөн тэрээр монгол, киргиз, орос зэрэг нийт 11 улсад соёл, түүхийн чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд түүхийн судалгааны чиглэлээр олон тооны шинжлэх ухааны бүтээл, нийтлүүлснээс гадна хэд хэдэн шинжлэх ухааны холбоо, байгууллагын гишүүн юм.
Судалгааны үйл ажиллагааныхаа зэрэгцээ тэрээр 1999 оноос хойш Эрзурум хотод байрладаг “Гюнеш” соёл, урлагийн сангийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг давхар хашиж байна. Мөн 2007, 2009, 2012, 2016 онуудад Түрэг ард түмний олон улсын наадмын тэргүүн, 2018 онд Түрэг ард түмний соёл, спортын наадмын тэргүүнээр тус тус ажиллаж байсан. Түрэг ард түмний олон улсын IV наадмын хүрээнд Түрэг ертөнцөд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Чуваши”-ийн зохиолчдын эвлэлээс “Василии Митта”-ын нэрэмжит одонгоор шагнасан байна.
Түүнчлэн, 2012-2016 онд Туркийн уламжлалт спортын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Киргиз улсад 2014, 2016 онд зохион байгуулагдсан Дэлхийн нүүдэлчдийн 1 болон 2 дугаар наадмын зохион байгуулах хорооны гишүүн, туркийн талын тамирчдын төлөөлөгчдийн тэргүүнээр ажилласан. А.Жейлан нь 2020 оноос өнөөг хүртэл Турк-Киргизийн хамтарсан “Манас” их сургуулийн захирлаар ажиллаж байна.