27/10/2026
АВСТРАЛИЙН ТАЛ ВИЗ МЭДҮҮЛЭГЧ НАРЫН БИОМЕТРИЙН МЭДЭЭЛЛИЙГ БҮРТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ӨРГӨЖҮҮЛСЭН БАЙНА.
Монгол Улсын иргэд 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Австралийн виз мэдүүлэхийн тулд хурууны хээ, цээж зураг зэрэг биометрийн мэдээлэл өгөх шаардлагатай тулгарч болзошгүй байна.
Австрали Улс 2010 оноос визийн үйл ажиллагааны аюулгүй, шуурхай байдлыг хангах, виз мэдүүлэгчийн мэдээллийг баталгаажуулах зорилгоор энэхүү хөтөлбөрийг 17 улс оронд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн 60 орчим улсад өргөжүүлж буй үйл ажиллагааны нэг хэсэг болохыг Австралийн тал албан ёсоор мэдээлэв.
Австралийн Дотоод хэргийн яамнаас таныг виз мэдүүлэх явцад биометрийн мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзвэл энэ тухайгаа мэдэгдэж, мэдээллээ хэрхэн өгөх талаар зааварчилгаа хүргүүлэх бөгөөд дараах хоёр аргын аль нэгээр мэдээллээ өгнө. Үүнд:
1. Биометрийн мэдээлэл цуглуулах бүртгэлийн төвд биечлэн очиж хурууны хээ болон цээж зургаа бүртгүүлэх. (манай улсын хувьд Улаанбаатар хотноо байршиж буй)
2. Australian Immi App ашиглах буюу шаардлага хангасан тохиолдолд уг аппликэйшнээр дамжуулан биометрик мэдээллээ цахимаар өгөх боломжтой.
Өмнө нь Австралийн биометрийн мэдээллийн санд бүртгүүлсэн, хүчинтэй гадаад паспорттой иргэд шаардлага хангасан тохиолдолд Australian Immi App ашиглан мэдээллээ үнэ төлбөргүй өгөх боломжтой. Мөн энэ өдрөөс өмнө гаргасан визийн мэдүүлэгт буцаан хэрэглэхгүй байна.
Виз мэдүүлж буй иргэн биометрийн мэдээлэл өгөх шаардлага хүлээн авсан бол зааварт заасан хугацаанд мэдээллээ өгөх нь зүйтэй. Ингэснээр виз шийдвэрлэлтийн хугацаа уртсах зэрэг ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
Ийнхүү биометрийн мэдээллийг Австралийн хууль тогтоомж болон холбогдох хууль, журмын дагуу цуглуулж, хадгалж, ашиглах бөгөөд хувь хүний нууцлал болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах зохицуулалт үйлчилнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоосууд:
Австралийн биометриийн мэдээллийн тухай: Biometrics
Australian Immi App-ийн тухай: Australian Immi App
Австрали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны мэдээ: Embassy Media Releases
Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам
2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг