17/09/2026
ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД НАВАФ АБДУЛЛАТИФ АЛЬ-АХМАД-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан Туслах сайд Наваф Абдуллатиф Аль-Ахмад-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсад зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Кувейт Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцсонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд харилцан өндөр, дээд болон засгийн газар, сайдын түвшний айлчлал хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцолж, цаашид энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов. Түүнчлэн хоёр улсын төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хооронд хамтын ажиллагаа тогтоох, аялал жуулчлал, уул уурхай, ашигт малтмал, эрчим хүчний салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Мөн хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулахын чухлыг онцолж, Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яам хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Туслах сайд Наваф Абдуллатиф Аль-Ахмад Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд, Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яам хоорондын Зөвлөлдөх уулзалтын Кувейтийн талын хамтран даргалагчийн хувьд уулзалтын товын саналыг ойрын хугацаанд дипломат шугамаар хүргүүлэхээ мэдэгдэв. Мөн яригдаж буй өндөр, дээд түвшний айлчлалуудын агуулга болон товын тухай яриа хэлэлцээг дахин шинээр эхлүүлэх нь зүйтэйг тэмдэглэж, уулзалтын үеэр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгохын төлөө нягт холбоотой хамтран ажиллахаар тохирлоо.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын явц, мөн байгаль орчин, уул уурхай, ашигт малтмал, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлалын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Элчин сайдын яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлын талаар товч танилцуулав.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг